Маркетингийн төлөвлөгөө боловсруулах энгийн алхамууд

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах энгийн алхамууд

Оруулсан: admin Ангилал: Үзсэн: 2637 Сэтгэгдэл: 0

Жижиг дунд бизнесийн байгууллагын маркетинг” –ийн чиглэлээр сонирхон судалдаг миний хувьд  “Маркетингийн төлөвлөгөө”  боловсруулах энгийн алхамуудыг бэлтгэн энэхүү буландаа шат дараатайгаар оруулахаар болсноо дуулгахад таатай байна.

Энэ удаад маркетингийн төлөвлөгөө гэж юу болох талаар товч мэдээлэл орууллаа.

Маркетингийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын 3дахь түвшний төлөвлөлт байдаг. Эхний шатанд байгууллага бүхэлдээ /ерөнхий/ урт болон дунд хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулахаас  эхэлдэг бөгөөд хэрэв тухайн байгууллага олон бизнесийн салбарт ажилладаг /хүнс, барилга, тоног төхөөрөмж гэх мэт/ бол “бизнесийн стратеги нэгж” тус бүртээ төлөвлөгөөг мөн боловсруулна. Үүний дараа бүтээгдэхүүн үйлчилгээний буюу маркетингийн төлөвлөлтийг боловсруулна. Маркетингийн төлөвлөлт нь байгууллагын зорилтод хүрэхийн тулд маркетингийн хүчин чармайлтуудыг чиглүүлж, уялдуулах үйл явц байдаг. Заримдаа жижиг бизнесийн байгууллагад маркетингийн төлөвлөгөөг  хэрэггүй мэт үздэг боловч яагаад хэрэгтэй болдогийг тодорхойлох гэж үзье.

  • Байгууллага тодорхой чиглэсэн зорилтдоо чиглэж ажиллахын тулд
  • Байгууллага өөрийн нөөцийг зах зээлийн боломжид тулгуурлан зөв зарцуулахын тулд
  • Байгууллага өмнөө тавьсан урт хугацааны стратегийн зорилтдоо богино хугацаанд хүрэхийн тулд
  • Нөөцийг үрэн таран хийхээс зайлсхийж, төвлөрлийг бий болгохын тулд
  • Бодит нөхцөл байдал болон хүлээгдэж байсан гүйцэтгэлийг харьцуулахын тулд
  • Маркетингийн орчин, зах зээлийн талаарх зөв  мэдлэг дээр суурилан мэдээллийг зөв ашиглахын тулд
  • Цаг хугацаа, санхүү болон хүний нөөцийн зөв зохион байгуулалт, зарцуулалтыг хийж, хяналт гүйцэтгэлийн системийг удирдахын тулд
  • Зах зээлд уян хатан зохицож, удирдан чиглүүлэхийн тулд гэх мэт олон шалтгаануудыг тодорхойлж болох юм.

Нөгөө талаас төлөвлөгөө гэдэг бол юуг, хэзээ, хаана, хэрхэн, хэн хийхийг нарийн зохион байгуулсан сайжруулалт, хөгжүүлэлт, хяналт, үнэлэлтийн процессийг агуулсан бичиг баримт юм.

Маркетингийн төлөвлөгөөний бүтэц нь

  • Нөхцөл байдлын шинжилгээ
  • Зорилго, зорилтуудыг тодорхойлох
  • Маркетингийн стратеги
  • Маркетингийн хөтөлбөр /Цаг хугацааны төлөвлөлт, хуанлитай ажиллах гэх мэт /
  • Санхүүгийн төлөвлөгөө /Төсөв/
  • Хэрэгжүүлэлт,  хяналт, сайжруулалтаас бүрддэг.  /Хүний нөөцийн төлөвлөлт, зохицуулалт, үр дүнг тооцох хэмжүүрүүд/

Нөхцөл байдлын шинжилгээ нь маркетингийн төлөвлөгөөг хийх үндсэн суурь нь болох юм. Өөрөөр хэлбэл байгууллага одоогийн нөхцөл байдлаа зөв оновчтой тодорхойлсноор ирээдүйн чиг хандлагад уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөх юм.

Маркетингийн төлөвлөгөөг боловсруулах нь дан ганц маркетингийн хэлтэс, алба, ажилтны бие даасан ажил бус байгууллагын дотоод нэгж бүрийн уялдаа холбоо бүхий багийн үйл ажиллагаа байдаг. Учир нь маркетингийн төлөвлөгөө хэрэгжих үйл явцад байгууллын бүхий л нэгж хэсэг, ажилтнууд /санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт болон бусад/ оролцож байдаг тул төлөвлөгөөг боловсруулалтын шатанд баг эхнээсээ нэг санаан дээр нэгдсэн байх нь чухал юм.

Байгууллага бүрийн бизнес, зах зээлийн боломж /зах зээлийн хэмжээ гэх мэт/, дотоод нөөцүүд /санхүүгийн, хүний нөөцийн гэх мэт/ өөр өөр учраас тухайн байгууллага өөрт тохирсон төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд  маркетингийн төлөвлөгөөг нүсэр бус, өдөр тутмын хэрэглээнд тохирсон, үр дүнг хэмжихүйц байдлаар өөрийн байгууллагын онцлогт тохируулан боловсруулах боломжтой юм.

Дараагийн удаа төлөвлөгөөг боловсруулах эхний үе шат болох нөхцөл байдлын шинжилгээ гэж юу болох, түүнийг хэрхэн боловсруулах талаар мэдээлэл оруулах болно.

С.Энхжаргал

Дорнод дээд сургуулийн бизнесийн удирдлагын багш

enkhjargal@dornod.edu.mn

Шошго:

Сэтгэгдэл үлдээх